Т.Аятунгаа хүүхдээ зодож хүнд гэмтээсэн байжээ

ayatungaaИнтерполоор эрэн сурвалжлагдаж байгаа Т.Аятунгаагийн хийсэн мэдээлэлтэй холбоотойгоор түүний нөхөр Чарльз Эргэн “Facebook” хуудсандаа “Бидний хувийн нууцыг хүндэтгэхийг хүсье.

Энэ бүхэн Тэргэлсар бид хоёрт хангалттай эмгэнэлтэй байлаа. Энэ хуудсаар зөвхөн Аятунгаагийн тарааж буй мэдээлэл худал гэдгийг харуулах гэсэн юм. Монголын Засгийн газар түүний эсрэг Филиппинд үүсгэсэн хэрэг хүчин төгөлдөр эсэхийг шалгаж үзэж болно.

Надад Т.Аятунгаагийн эсрэг хэлэх сөрөг зүйл байхгүй. Энэ бол гэр бүлийн хувийн асуудал, бусдын хов жив болох ёсгүй. Бид одоо зүгээр л амар тайван амьдрахыг хүсч байна. Тэргэлсарыг минь дэмжиж байгаад баярлалаа. Олон сарын эмчилгээ эмч нарын хичээл зүтгэлийн эцэст бүх зүйл сайхан болсон” хэмээн бичиж үлдээжээ.

Манай сайт өмнө нь Чарльз Эргэн Т.Аятунгааг “Хүүхэдтэй зүй бус харьцсан. Аюул учруулахыг завдсан” гэж Филиппиний цагдаагийн байгууллагад хандсан. Эл асуудал шалгагдаж улмаар шүүхээр шийдвэрлэгдсэн тухай мэдээлсэн билээ.

Тэгвэл мэдээллийн зарим сайтад нийтэлсэн шүүхийн бичиг баримтад дурдсанаар өөрийгөө хохирогч гэх Т.Аятунгаа хүүхдэдээ харгис балмадаар хандаж, шидсэнээс болоод тархиндаа төдийгүй биеийн хэд хэдэн хэсэгт бэртэл гэмтэл авсан болохыг баталсан байна.

Филиппиний Батангас хотын шүүх, прокурорын газраас гаргасан протоколд “Т.Аятунгааг ойр дотныхоо хүнийг хөнөөхийг завдсан  хэргээр эрүүгийн хуулийн 246 дугаар зүйлийн дагуу буруутгаж байна. Хэрэг 2012 оны арваннэгдүгээр сарын 5-нд Филиппиний Батангас мужийн Мабини засаг захиргааны нэгжийн Барангай Анилаогийн Артур Плэйст гарсан. Дээр дурдсан сэжигтэн хууль зөрчиж өөрийн таван сартай охин Тэргэлсар Чарльз Эдвард Красни Эргэнийг газар шидэж,  хүндээр гэмтээсэн. Т.Аятунгаа ямар ч анхааруулга сануулга өгөхгүйгээр хүүхдээ гэнэт шидэхдээ “Энэ хүүхэд үхэх ёстой” гэж хэлсэн байна. Үүний улмаас түүний охин  тархиндаа болон биеийнхээ бусад хэсэгт хэд хэдэн гэмтэл авч, 10-аас дээш хоног эмчлүүлэх шаардлагатай болсон” хэмээн бичсэн байв.

Шүүх, прокурорын газраас гаргасан энэ хоёр баримтаас харахад Т.Аятунгаа болон түүний ээж визний хугацаа дууссан шалтгаанаар бус хэрэгт татагдан шалгагдаж эхэлснээр эх орондоо эргэн ирсэн бололтой.

Д.Чингүүн

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.